Thursday, March 29, 2012

Өвгөн суврага



Хамарын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залж 2011 оны 9 дүгээр сарын 10-нд нээлтээ хийжээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, 5 талтай ажээ. Анх 1823 онд Ноён хутагт энэ суваргыг бүтээж байжээ. Ингэхдээ Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээсэн гэдэг. Уг суварга 1937 он хүртэл  сүсэгтэн олондоо адистид хүртээж байгаад буулгагдсан байна. Шинээр бүтээсэн Өвгөн суваргын таван талд нь Бурхан багшийн таван дүр буюу Язгуурын 5 бурхан заларч, оройд нь соёмбо байрлуулжээ. Уламжлалын дагуу тарнийн хүчийг оршоож олон боть цай, 7 тонн арц, иж бүрэн тавилгатай таван ханатай гэр хоёрыг, бурхан шүтээн, Улааны шашны номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг шүншигт нь хийсэн байна.
Мөн оройн хэсгийн бунхан дотор Ноён хутагтын номлосон сургаалийн дагуу жинхэнэ шүншигийг нь хийж битүүмжилсэн байна. Гол амин мод буюу сорогшинг Төв аймгийн Батсүмбэр сумын Минжийн хангайгаас авчирч, эргэн тойронд нь олон суваргын чуулбар хийжээ. Түүнээс доош байх танхим руу нэгэн олс уяаг  оруулсан бөгөөд үзүүрт нь том очир уяжээ. Танхимын хойморьт байх Бурхан багш, Гүрү ренбүүчийн хөргийг залсан ширээн дээр тэр очирыг тавьжээ. Тэрхүү очирт мөргөхөөр бурханд мөргөж байгаа гэсэн үг гэнэ.

Хамрын хийдийн үүсэл





Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг, Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Хүслийн хар уул






Хийдийн дэргэд “Хүслийн хар уул” байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж ирсэн. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байдаг. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм  бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг. Хамрын хийдээс зүүн хойш 2 километрт эрт үед лам нар сууж бясалгал үйлдэж байсан олон агуйнууд байдаг. Мөн эхийн умай хад, өвчин гэм арилгагч хад гэх мэтчилэн шүтэж биширдэг хаднууд бий. Хамрын хийдээс 1.5 километр зайд хойноос урагш 2 га талбай хамарсан Луутын цав хэмээх газар байдаг ба энэ нь улаан, шар, хөх шавар дов толгод бүхий цав юм. Эндээс Иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн ясыг судлаачид олжээ. Мөн өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтадын болон ургамлын үлдэгдэл элбэг байдаг.